"Адуунчулуун" ХК-ийн удирдлагууд ахмад уурхайчиддаа хүндэтгэл үзүүллээ

Адуунчулууны нүүрсний уурхайн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууддаа Ахмадын баярыг тохиолдуулан "Адуунчулуун" ХК-ийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааг нээж захирлын туслах Ш.Бямбасүрэн ахмад буурлуудаа үргэлж өнөөдрийнх шиг баяр баясгалантай байж, хэний ч өмнө өөрсдийн хийж бүтээсэн зүйлээрээ, ажиллаж байсан байгууллагаараа бахархан, үргэлж бидэндээ үлгэр дууриал болж, эрүүл энх, урт удаан насалж, бидэнтэйгээ олон, олон баярыг хамт тэмдэглэхийг хүсэн ерөөлөө.Мөн арга хэмжээний үеэр ахмад уурхайчин Г.Батчулуун, Г.Хүрэлбаатар нарын хөдөлмөр алдрыг тэмдэглэж өнгөрүүллээ.Өнөөдрийн байдлаар компанийн дэргэдэх ахмадын хороонд 90 орчим ахмадууд харьяалагдаж, тэдгээрт жил бүр 8 тонн нүүрс үнэ төлбөргүй олгодог. Бидний бүтээн босгосон их үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлж яваа залуучууд, удирдлагуудад ахмад уурхайчид талархаж буйгаа илэрхийлээд, цаашдын ажил, хөдөлмөрт улам их амжилтыг хүслээ.